Blue Spinning Frozen Snowflake

Tuesday, December 16, 2014

Дэлхийн хамгийн том номнууд
Уран зохиолд дурлагсад зөвхөн зохиолын өгүүлэмжид бус тухайн номын этгээд чамин дизайн, гаднах төрхөд онцгойлон анхаарсаар ирсэн. Үүний тод жишээ нь үлэмж биет номууд.

Дэлхийн хамгийн том номууд хаанахын, хэнийх гэдгийг сонирхуулъя.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том номд 2004 онд Оросын “Ин” хэвлэлийн газраас гаргасан “Багачуудад зориулсан хамгийн том ном” тооцогддог. Энэхүү үлэмж биет ном нь зургаан метр урт, гурван метр өргөн, 492 кг жинтэй. Ном нь Оросын алдарт зохиолч Сергей Михалков, Владимир Степанов, Сергей Еремеев, Андрей Тюняев нарын 12 шүлгийг зурагжуулан нийтэлсэн агуулгатай. Аварга том номыг гадаа, задгай талбайд бүтээсэн байна.

Харин хамгийн зузаан ном Лондон хотноо бий. Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн, өмнөх өрсөлдөгчөө хол хаясан энэхүү ном нь Агата Кристигийн “Хатагтай Марплын тухай” номын бүх түүврийн нэгдэл юм. Уг ном нь 4032 хуудастай, найман кг гаруй жинтэй мөртлөө ердөө 322 см-ийн өргөнтэй.

Дэлхийн хамгийн том толь бичиг бол “Deutsches Warterbuch”. Энэхүү толь бичгийг бүтээх ажлыг Якоб, Вильгельм Гримм нар 1854 онд эхлүүлсэн бөгөөд харин тэдний шавь нар нь 1971 онд дуусгасан байна. Толь бичиг 35.519 хуудастай. Хүн төрөлхтний түүхэнд цаасаар бүтээсэн хамгийн том нэвтэрхий толь Хятад Улсад байдаг. “Хятадын аугаа нэвтэрхий толь” хэмээн хөрвүүлэгдэх эл ном 11 мянган ботиос бүрддэг гээд бод доо.

Хамгийн том инээдмийн жанр бүхий номыг 2011 онд Франц улсад хэвлүүлжээ. Энэхүү номыг 11 зохиолч, 111 дизайнерийн хамтарсан баг эвхэгддэг хэлбэрээр бүтээсэн бөгөөд номын нийт урт нэг км болсон бол 800 кг цаас зориулсан аж.

Ц.Мөнх
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

No comments:

Post a Comment