Blue Spinning Frozen Snowflake

Tuesday, December 9, 2014

“Хятадын Цагаан сар”
Хятадын томоохон уламжлалт баяр болох “Цагаан сар”-ыг үндэстнээрээ хаврын эхэн сард тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү баярын цар хүрээ нь соёл иргэншлийн хувьд төсөөтэй үндэстнүүд буюу Хонг Конг, Макао, Тайвань, Сингапур, Тайланд, Индонез, Малайз, Маврик, Филиппин зэрэг улсын ард түмнийг хамардаг.
“Венецийн Карнавал” / Итали
Венецийн Карнавал бол Христийн шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг баяр юм. Ойролцоогоор найман зуу гаруй жилийн түүхт уг фестивалийн онцлог нь хүн бүр өвөрмөц содон баг зүүж үдэшлэгт оролцдог явдал юм. Өдгөө тус фестивальд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс гурван сая гаруй хүн Италийн Венец хотыг зорин ирдэг.
“Шинэ жилийн фестиваль” / Австрали
Австралийн Сидней хотод нэг тэрбум хол давсан хүн “Салютны баяр”-ын уур амьсгалыг мэдрэхээр жилд нэг удаа цугладаг нь тохиолдлын хэрэг огт биш юм. Уг фестивальд зориулж хэдэн тонн салют бэлддэг ба 25 мянга орчим удаа буудлага хийдэг байна. Баярын үзэгчдэд зориулж гурван мянга гаруй завь үйлчилдэг аж.
“Рио Де Жанейрогийн фестиваль” / Бразил
Зугаа цэнгэлийн хот гэдгээрээ алдартай Рио Де Жанейрогийн уламжлалт фестивальд сая сая хүн оролцож маш доргио, халуухан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлцгээдэг. Энэ баярыг 1723 онд анх тэмдэглэсэн бөгөөд улам боловсронгуй болсоор зориулалтын хувцас, дуу хөгжим, үзүүлбэрүүдтэй болж цар хүрээ нь ч дэлхийн хамгийн том фестиваль болтлоо өргөжжээ.
“Харбины цас мөсний фестиваль” / Хятад
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас мөсний фестивалийг 1963 оноос тэмдэглэж эхэлжээ. Хятадын Харбин хотод нэг сарын турш үргэлжлэх энэхүү сүр дуулиант баярт оролцсоноор та дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мөсөн баримлуудыг үзэж сонирхохоос гадна цан чаргаар гулгаж өвлийн улирлын бүхий л гайхамшгийг мэдрэх боломжтой.
“Галын наадам” / Шотланд
Шетлин арлын Лервин хотноо тэртээ XIX зууны сүүлчээс эхлэн тэмдэглэх болсон галын наадам үнэхээр сүрдэм болдог аж. Хаа сайгүй дуу хөгжим эгшиглэж, хүмүүсийн инээд баясал галын очтой сүлэлдэх энэхүү гайхамшигт баярыг зул сарын улирал өндөрлөснийг тохиолдуулан тэмдэглэдэг ажээ.
“Холи Фестиваль” / Энэтхэг
Энэтхэгийн шашны баяр болох Холи фестивалийг өөрөөр будагны наадам, хайрын баяр гэж нэрлэх нь бий. Баярын өмнөх оройноос эхлэн хаа сайгүй дуу хөгжим эгшиглэж эхлэх ба өглөө нь хүмүүс хотыг тэр чигээр нь будганд умбуулдаг. Хүмүүс хуурай будаг бие бие рүүгээ цацахын зэрэгцээ устай бөмбөлгөөр байлдаж будган бороо оруулдаг.
“Дэнлүүний баяр” / Тайвань
Буддын сүмд зохион байгуулагддаг энэхүү шашны баяраар хүмүүс мянга мянган дэнлүүг тэнгэрт хөөргөж хот тосгоноо ариусгаж байна хэмээн бэлгэддэг.
“Онбашира фестиваль” / Япон
Дэлхийн хамгийн аюултай баярын нэгэнд тооцогддог Онбашира фестивалийг Япончууд 1200 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ баярт оролцогч нь маш эр зоригтой байх шаардлагатай. Зургаан жилд нэг удаа зохиогдох энэ наадмын үеэр эрчүүд уулын уруу дүнзэн мод унаж уралддаг аж.
“Бухын фестиваль” / Испани
Испаний хамгийн алдартай фестиваль бол гудамжинд олон зуун бух давхиулж хийморь лундаагаа сэргээдэг баяр юм. Энэ сонирхолтой үзүүлбэрийг мөн л сая сая хүн үздэг байна.
“Шаварны наадам” / Өмнөд Солонгос
Олон нийтийн газар биеэ барихгүйгээр бохир заваан явж үзэх ховор боломж энэ өдөр тохиодог байна. Хүмүүс хоорондоо шавраар байлдаж бие биенээ танигдахын аргагүй болтол нь буддаг тус наадамд гоо сайхны шавар ашигладаг ажээ. Түүнчлэн фестивалийн үеэр шавартай усан санд сэлэх, шавран дээгүүр гулгах тэмцээн зохион байгуулагддаг.
“Туморроуленд хөгжмийн фестиваль” / Бельги
Энэ бол амьд хөгжмийн хамгийн том фестиваль юм. Тус фестивальд зориулан аварга том цэцэгсээр чимэглэсэн 15 тайз засаж, хиймэл галт уул, дэлбэрдэг эрвээхий, их буу болон үлэмж дисконы гэрлүүдийг байрлуулдаг. Өнгөрсөн жилийн фестивальд 400 мянга гаруй хүн оролцжээ.
“Улаан лоолийн баяр” / Испани
Дэлхийн хамгийн зугаатай баяруудын нэг гэж хэлж болохоор энэ баярын үеэр та танихгүй хүн рүү улаан лоолиор бөмбөгдсөн ч зэмлэл хүртэхгүй. Энэ зугаа цэнгэлд зориулан Испаничууд 40 тонн улаан лоолийг зарцуулдаг байна.
“Октоберфест” / Герман
Октоберфестийг тэмдэглэж эхэлсэн түүх нь 1810 оны аравдугаар сарын 12-нд болсон ханхүү Людвиг, гүнж Тереза нарын хуримын ёслолоос үүдэлтэй. Тэрхүү хуриманд Мюнхен хотын бүх хүн уригдаж байжээ. Тэр цагаас хойш уламжлал болгон тэмдэглэсээр дэлхийн хэжээний баяр болж жил бүр 6 сая гаруй хүнийг хамрах болжээ.
“Агаарын бөмбөлөгний фестиваль” / АНУ
Дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй агаарын бөмбөлөгний фестиваль АНУ-д болдог. Анх 1972 оноос эхлэн жил бүр тэмдэглэсэн энэ баярт 100 мянга гаруй хүн оролцож 750 агаарын бөмбөлөг хөөргөдөг.

No comments:

Post a Comment